ӨМНӨГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу ЕБС, Цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2024 оны арванхоёрдугаар сарын 24-31-ний өдрүүдэд цахимд шилжүүллээ.
Учир
нь Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа бөгөөд Даланзадгадын ДЦС-ын үйл ажиллагаа доголдож буйтай холбогдуулан аймгийн Онцгой комисс ийнхүү хуралдаж
шийдвэрлэсэн байна.
Томуугийн дэгдэлт их байгаа Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 24-31-ний өдрийг хүртэл цахимаар хичээллүүлэх юм.
Сургууль, цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлсэнтэй холбоотойгоор бага
насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтан, албан хаагчдаа цахимаар
ажиллуулах, цалинтай чөлөө өгч ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжийн
удирдлагад чиглэл хүргүүллээ.
Мөн
томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан шинэ жилийн баяр, олон нийтийн
үйл ажиллагааг багасгах, галын аюулаас урьдчилан сэргийлж, иргэд, айл өрхүүд
гацуурын чимэглэл, гэрэлтүүлгийн цахилгаанаас салгаж, анхаарал болгоомжтой
байхыг анхаарууллаа.