Манай улс дижитал өрсөлдөх чадвараар нэг эрэмбэ ухарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-25 10:06:50

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс дижитал өрсөлдөх чадварын үзүүлэлтээр өмнөх жилийнхээс нэг эрэмбэ ухарч 67 орноос 64-рт эрэмбэлэгдлээ.

Өнгөрсөн онд 43.03 оноо авч байсан бол, энэ онд 41.31 болж 1.72 оноогоор буурсныг ЦХИХХЯ мэдээлэв.


Дижитал өрсөлдөх чадвараар Сингапур Улс энэ онд тэргүүлж, Швейцар 2, Дани 3, АНУ 4, Швед 5-рт бичигджээ. Өмнөх жил АНУ тэргүүлж, Сингапур улс 3-рт орж байсан юм. Харин Гана, Нигер, Венесуэл улс дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ. Үндсэн 3 бүлгийг харахад Монгол Улс “Мэдлэг” бүлэгт 6 байр ухарч 62, “Технологи” бүлгийн эрэмбэ 6 байраар ахиж 55, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр 2 эрэмбээр ухран 64-рт бичигдсэн байна.



“Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-т дурдсанаар боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24, эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр 1, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт 6, өндөр технологийн экспортын хувь 8, ухаалаг утас эзэмшилт 7-рт байгаа нь давуу тал боллоо. Харин олон улсын туршлага 66, оюуны өмчийн эрх 66, их өгөгдлийн аналитик ашиглалтын түвшин 67, төр хувийн хэвшлийн түншлэл 66, мэдлэгийн шилжилт 67-рт бичигдсэн байна.

Тус тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 20 мянган ам.доллароос бага 23 улс хамрагдсанаас 20-рт эрэмбэлэгджээ.



Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-ийг танилцуулдаг билээ. Энэ оны тайланг “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцжээ. Эдгээр нь статистик мэдээлэл, санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн. Энэ тайлан нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж, технологид дасан зохицож байгааг харуулдаг юм.

Холбоотой мэдээ