Израйлын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-12-25 12:39:41

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Израйлын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг дэмжин, хамтран ажиллахаар боллоо.


Тодруулбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, идэвхжүүлэн ажиллах санаачилга бүхий “Тэрбум мод” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь Израйлын Гадаад харилцааны яамны харьяа Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (MASHAV)-тай хот, суурингийн ногоон байгууламжийг сайжруулах, ойн санг нэмэх хүрээнд мод тарихыг идэвхжүүлж, цөлжилтийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахад хамтран ажиллах зорилгоор энэ сарын 17-нд санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын бүсэд мод тарьж ургуулах ажлыг 2025 оны хавар эхлүүлэх бөгөөд энэ нь хотын агаар, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.


Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (МASHAV)-ийг 1958 онд улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, техник технологийн дэмжлэг үзүүлэхээр байгуулжээ. Тус байгууллага дэлхий нийтийн өмнөх сорилт, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд улс орнуудын өмнө тулгарч буй хүндрэлийг даван туулах, ядуурлыг багасгахад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Холбоотой мэдээ