Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгуулахтай холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ерөнхий сайдын захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”, "Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулан ажиллаж буй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын талтай өндөр түвшний уулзалтыг удаа дараа хийж, “Чайна Энержи” группээс тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг байгуулснаар төмөр замаар экспортлох ачаа жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспорт жилд 70 сая.тн хүртэл нэмэгдэж, нүүрс борлуулалтын орлого жилд 1,5 тэрбум ам.доллар болж өсөх боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.