ДАРХАН-УУЛ: ӨМӨЗО-ы Ордос хоттой хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр ӨМӨЗО-ны Ордос хотын удирдлагууд Дархан-Уул аймагт зочиллоо. Зочдыг аймгийн засаг дарга тэргүүтэй албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцав.
Тухайлбал, Ордос хот руу чиглэх шинэ аяллын маршрут гаргаж орон нутгийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Ордос хот нь А зэрэглэлийн 53 байгалийн цогцолбор газартай бөгөөд тус бүр нь өөр өөрийн онцлогийг харуулсан аялал, жуулчлалыг хөгжүүлж байгаа гэдгийг тодотголоо.
Мөн байгаль орчны хамгаалал, цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ туршлага хуваалцах, нэвтрүүлэхээр болов.
Эко хүнсний ногоо, нарийн ногоог экспортлон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар санал солилцож эхний уулзалт өндөрлөлөө.
2025 оны эхний хоёрдугаар улиралд багтан Дархан-Уул аймгийн удирдлагууд Ордос хотод зочилж хамтран ажиллах салбаруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж туршлага судлахаар тохиролцов.