Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус өргөн мэдүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Цөмийн энергийн тухай хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 472.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлий 201.4-т заасан нэмэгдүүлэн тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тус тус Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалтыг нэмж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий
ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашиг малтмалын нөөц
ашигласны тусгай төлбөр болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны
нэмэгдүүлсэн тусгай төлбөрийг, мөн бусад хувилбараар орлуулснаас бий болсон
орлогыг Ирээдүйн өв санд биш, Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдэд эрүүл мэнд,
боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх эх үүсвэрийг бодитой
нэмэгдүүлэх боломжтой болно. Ингэснээр байгалийн баялгаас олсон орлогыг Хуримтлалын
сангаар дамжуулан иргэдэд тэгш, шударга хүртээх Монгол Улсын Үндсэн хуулийн
суурь зарчим хангагдах нөхцөл бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн
эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт
байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг
идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн
эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр
болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах
асуудлыг тусгасан талаар хууль санаачлагч танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.