“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-26 09:29:33

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 25-нд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа.

 

УИХ-ын чуулганы 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 72 дугаар тогтоолд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан. Гэвч УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар тусгагдаагүй орхигдсон байна.

 

Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36.1 сая тонн болж, 15 мянган хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50 мянга болох тооцоо гарсан талаар Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.

 

Тиймээс өсөн нэмэгдсээр буй төмөр замын тээврийн хэрэгцээг хангах, өргөжүүлэх, судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Төмөр замын газар байгуулах шаардлага үүссэн талаар тогтоолын төсөл санаачлагч танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ