БАЯНХОНГОР: Тусгаар тогтнолын хүндэт багана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-29 12:58:36

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдөр тохиож байна. 


Баянхонгор аймаг тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн модон баганыг 1945 онд аймгийн төвдөө босгож байжээ. Хонгор нутгийнхан Тусгаар тогтнолын багана бүхий төв талбайгаа Баганат талбай хэмээн нэрлэдэг.


1945 оны 10 дугаар сард БНМАУ-ын Төрийн тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зурахад зориулсан хурал цуглаан аймгийн төв хөдөөд 200 гаруй удаа болжээ. Мөн онд улс орныхоо “Төрийн тусгаар тогтнолын төлөө” аймгийн насанд хүрсэн бүх иргэн /24114/ оролцож, гарын үсгээ зурсан байна. Тэр жилээ Баянхонгор аймаг тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн баганыг аймгийн төвд босгосон түүхтэй.


Ийнхүү Тусгаар тогтнолын гэж олноо нэрлэгдсэн баганаа 1974 онд Улс тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн аймгийн намын хороо, захиргааны өмнөх талбайд бүтээсэн бөгөөд энэхүү баганы зургийг архитектор инженер н.Дашигдорж хийж, уран барималч Д.Найдан урласан байна.

Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний бэлгэдэл хэмээн дээдэлдэг тус баганыг 2014 онд их засварт оруулж, “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн”, төв талбайн хучилт, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийжээ. Өргөтгөл, засварын ажлаар цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг ч нэг мөр шийдсэн байна.

Холбоотой мэдээ