ДАРХАН-УУЛ: Хариуцлагатай нийгмийг бүтээхэд залуусын оролцоо хамгийн чухлыг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-29 13:53:42

Дархан, 2024 оны арванхоёругаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөлөөс уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаж байна. Тодруулбал, Шарын гол, Хонгор, Орхон, Дархан сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон оюутан, сурагчдын төлөөлөл бүхий нийт 100 залуу оролцсон чуулган болж байна.


Уг чуулганыг аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Залуучууд хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Дархан-Уул аймгийн нийт хүн амын 28.6 хувь буюу 27690 нь15-34 насны залуучууд байна.


Чуулганд оролцогчид тэдгээр залуусын төлөөлөл, дуу хоолой болж байгаа учир цаашид аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, залуучуудын хөгжлийн зөвлөлтэй хамтран орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйг нээлтийн үеэр зохион байгуулагчдаас онцоллоо.


Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нээлтийн үгэндээ, Залуус хотхон зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр дэмжсэн бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, хариуцлагатай нийгмийг бүтээхэд залуусын оролцоо хамгийн чухлыг онцолж, залуу хүн бүр алсын хараатай, зорилгоо маш сайн тодорхойлж, түүндээ хүрэх алхам бүрээ тодорхойлж байхыг зөвлөсөн юм.


Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Балдорж Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тухай болон холбогдох хууль, дүрэм болон Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийв.


Мөн үеэр Илтгэх индрийн ирээдүй сургалтын байгууллагаас 2025 ондоо хамтдаа үр дүнтэй төлөвлөлт хийж, урт хугацаанд амьдралын чанараа сайжруулах зорилготой хүн бүхэнд зориулж үр дүнтэй төлөвлөлтийн сургалтыг явуулж байна.


Сургалт үдээс өмнө Гранд як эвэнт танхимд зохион байгуулсан бол үдээс хойш багаар ажиллах, санал хүсэлтээ нэгтгэх, ирэх оны ажлаа төлөвлөх зэрэг ажиллагаа нь Дархан Залуучуудын хөгжлийн төвд үргэлжлэх юм.









Холбоотой мэдээ