ДОРНОГОВЬ: Малын нөхөн төлбөрт 2.8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ оны 10 дугаар сард мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт гарсан.
Малын гоц халдварт өвчний улмаас тус бүс нутагт зориудаар устгалд оруулсан 29 хот айлын 91 малчин өрхийн 14252 толгой ямааны нөхөн төлбөрийг Засгийн газраас малчдад олгохоор шийдвэрлэжээ. Одоогоор жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийн 50 хувь болох 1,4 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлсэн бөгөөд үлдсэнийг нь шинэ он гарсны дараа шилжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол
Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан холбогдох заалтын дагуу гоц халдварт өвчний улмаас зайлшгүй
шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90
хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан байдаг.