Гадаад валютын нөөц импортын 4.9 сарын хэмжээг хангах дүнтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ оны 12 дугаар сарын хуралдаанаар мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засаг, банкны секторын өнөөгийн байдлын эдийн засгийн цаашдын төлөв болон зах зээлд гарсан өөрчлөлтийн талаар танилцууллаа.
Үүгээр нүүрсний экспортын орлого 2024 оны 11 дүгээр сарын
байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая
ам.доллароор нэмэгджээ.
Хөрөнгийн зах зээлд гаргасан Улаанбаатар хотын болон “Голомт”
банкны бондууд нь гадаад валютын орох урсгалыг дэмжив. Нөгөө талдаа, машин,
механизмын тоног төхөөрөмж, суудлын автомашин, үйлчилгээний импорт нэмэгдсэнээр
гарах урсгал мөн өсөж, гадаад валютын цэвэр урсгал өмнөх оны мөн үеэс 570 орчим
сая ам.доллароор буурсан байна.
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 11 дүгээр сарын
байдлаар 4.9 тэрбум ам. долларт хүрч, импортын 4.9 сарын хэмжээг хангах дүнтэй
байна.
Мөнгөний захын үйл ажиллагаа, банк хоорондын захын арилжааны талаарх танилцуулгаар, банкны системийн нийт актив 2024 оны III улиралд 26.7 хувиар өсөж, 62.4 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ. Банкны системийн нийт пассив 55.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 27.4 хувиар өссөн ба үүнийг харилцах болон хадгаламжийн өсөлт голчлон бүрдүүлжээ. 2024 оны III улирлын байдлаар нийт зээлд эзлэх:
- чанаргүй зээл 5.1 хувь,
- анхаарал хандуулах зээлийн харьцаа 3.6 хувьд хүрчээ.
Энэ нь 2015 оноос хойших хамгийн бага түвшин болсныг
онцлов.
Инфляц 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьд
хүрч өмнөх сараас 1.1 нэгж хувиар нэмэгдлээ. Үүний 1.3 нэгж хувийг өрхийн
цахилгааны үнийн өсөлт дангаараа тайлбарлаж байгааг онцлов. Инфляцын цаашдын
төлөвийн хувьд цахилгаан, ус суваг, дулаан зэрэг төрийн зохицуулалттай
үйлчилгээний үнийн өсөлтийн шууд болон дам нөлөөнөөс гадна, төсвийн тэлэлт,
эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор эрэлтийн шалтгаанаар инфляц эрчимжиж,
ирэх онд зорилтын дээд хязгаарыг давж өсөхөөр байгааг танилцуулав.