ДАРХАН-УУЛ: Боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-31 12:09:39

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Муслу Дархан хотод ажиллалаа. Тэрбээр аймгийн засаг дарга Б.Азжаргалтай уулзаж төслийн хэрэгжилт, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.


Дархан-Уул аймагт Бүгд Найрамдах Турк Улсын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн /ТИКА/ хөрөнгө оруулалтаар боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэндийн чиглэлд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тухайлбал: 7 дугаар цэцэрлэгийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хоёр бүлгийг тохижуулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин Бууз, баншны цехийг засварлан тохижуулсан зэрэг олон ажил хийсэн.

 

Уулзалтын үеэр талууд Зулзагын гол хүүхдийн зуслангийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийх төслийг хамтран хэрэгжүүлэх болон бусад асуудлаар ярилцлаа.


Мөн 2025 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэ дөрвөн жил эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд аймгийн нийт төсвийн 30 хувийг зарцуулна.


Энэ хүрээнд аутизмтай хүүхдүүдтэй ажиллах багш нарыг бэлтгэх, гэр хорооллын алслагдсан багийн хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллахыг аймгийн засаг дарга хүсэв.


Хоёр орны олон жилийн найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Дархан-Уул аймаг, ТИКА-ийн оруулах хувь нэмэр их байна гэдгийг талууд онцолж, цаашид бүх талаар хамтран ажиллана гэв.



Холбоотой мэдээ