ТӨВ: Идэвхтэн уншигчдаас хамгийн их нь 70 гаруй ном уншжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ![](/files/677394195000d.jpeg)
Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангаас оны "Шилдэг уншигч" нараа шалгаруулсан байна. Энэ удаагийн идэвхтэн уншигчдаас хамгийн их нь 70 гаруй ном уншжээ.
Номын сангийн мэргэжилтэн Д.Номин-Эрдэнээс тодруулахад, “Иргэдийг
номтой нөхөрлөх байдлыг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор шилдгүүдийг тодруулдаг
уламжлалтай. Шилдэг уншигчид ихэвчлэн уран зохиолын номыг сонгож, шимтэн уншдаг.
Энэ жил шилдэг хамтрагч байгууллагууд шалгаруулсан нь онцлог байв. Төв аймгийн Цагдаагийн газар, Спортын төрөлжсөн сургалттай ЕБС ажилтан, албан хаагчдадаа ном унших цагийг гаргаж өгсөн” гэв.
2024 оны “Идэвхтэн уншигч” хүүхдээр Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 9г ангийн сурагч Т.Тэргэлсаран, Хүмүүн цогцолбор бага сургуулийн 4б ангийн сурагч Д.Оюунболд, Монгени 5-р сургуулийн 6а ангийн сурагч х.Ариунзаяа нар шалгарсан юм.
Идэвхтэн уншигч насанд хүрэгчээр ахмад настан Х.Батболд, ЭМТ-ийн ажилтан
Ш.Мөнхцэцэг нар шалгарсан байна.
Бүтээлч номын санчаар Аргалант сумын соёлын төвийн номын санч Ү.Туул, Батсүмбэр сумын соёлын төвийн номын санч Ц.Сувд-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
2024 онд Төв аймгийн Нийтийн номын сангаар 2897 уншигч үйлчлүүлсэн бөгөөд 35323 ном олгожээ.