Сүхбаатар аймгийн 2024 оны онцлох үйл явдал...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2024 он Сүхбаатарынхны хувьд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг татсан, нийгмийн бүхий л салбарт манлайлсан онцгой жил байлаа. Үүн дундаас онцлох зарим үйл явдлыг нэрлэж байна.
Сүхбаатар аймаг олимпын медальт тамирчинтай боллоо
"Парис-2024" паралимпын паратаеквандогийн мөнгөн медальт, МУГТ Г.Болор-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Асгат сумын унаган хүү. Их тамирчны замналаа ч төрөлх нутгаасаа эхлүүлсэн. Паралимпын медальтнаа Сүхбаатарынхан багш, дасгалжуулагчдынх нь хамтаар төрөлх нутагтаа ёслол төгөлдөр угтан авсан. Түүнийг аймаг, сумын удирдлагууд, БТСГ-ын хамт олон, тамирчид, орон нутгийн иргэд их жанжныхаа талбайд тосон авч, анхны олимпын медальтнаа 50 сая төгрөгөөр, түүнийг таеквондогийн спортод хөтлөн оруулсан анхны багш Н.Нэргүйг 15, МУГД Д.Батнасанг таван сая төгрөгөөр шагнасан юм.
УИХ-ын сонгуулийн санал хураалтын ирцээрээ айрагдав
УИХ-ын ээлжит сонгууль анх удаа бүсчилсэн хэлбэрээр зохион
байгуулагдсанаараа онцлог байлаа. Тус сонгуулийн санал хураалтад Сүхбаатар аймгийн 41825 сонгогчоос 30373 сонгогч буюу 73,4 хувь нь саналаа өгч, санал хураалтыг 73,4 хувийн ирцтэй хаасан нь улсын хэмжээнд сонгуулийн ирц, идэвхээрээ манлайлан
айрагдаж, 2020 оны үзүүлэлтээ бататгасан жил байв. УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар аймгийн долоон мандатад МАН-ын зургаа, АН-ын нэг нэр дэвшигч ялалт байгуулж,
өдгөө зүүн бүс нутгийн иргэд,
сонгогчдоо төрд төлөөлөж буй.
Орон нутгийн сонгуульд АН зургаа дараалан ялалт байгууллаа
Аймаг нийслэл, сум дүүргийн ээлжит сонгуульд Сүхбаатар аймгийн нийт сонгогчийн 72,8 хувь нь саналаа өгч, 29 суудалтай аймгийн ИТХ-д Ардчилсан нам олонх болсон билээ. Тодруулбал, аймгийн ИТХ-д АН 20, МАН 9 мандатыг авсан. Ингэснээр Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 1992 оноос хойш есөн удаагийн сонгууль болсноос зургаад нь орон нутагтаа дараалан ялалт байгуулж түүхэн амжилтыг үзүүлэв. Мөн аймгийн Засаг дарга М.Идэрбат улиран сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд 11 дүгээр сарын 15-нд албан ёсоор батламжилсан юм.
Боловсролын
салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ
Сүхбаатар аймаг 2024 онд нийт 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсанаас хамгийн их буюу 10 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн боловсролын салбарт зарцуулжээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн сурч боловсрох, багш ажилчдын ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр сургалтын чанарыг дээшлүүлэхийг зорьжээ. Үүнийхээ үр дүнг ч үзэж Сүхбаатарын багш сурагчид ЭЕШ-д хоёр жил дараалан улсад тэргүүлсний зэрэгцээ зөвхөн математикийн хичээлийн дундаж оноогоор улсад тэргүүлсэн нь энэ салбарын түүхэн амжилт байлаа.
Логик пазлын дэлхийн
аваргаас Монгол Улсын анхны медалийг А.Оюун-Эрдэнэ хүртлээ
Логик пазлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U18 насны ангилалд Баруун-Урт сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ нь Монгол Улсын анхны медаль гэдгээрээ онцлог юм.
Логик пазлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд болсон бөгөөд тэмцээнд 25 орны 138 оролцогч 3 өдөр, 21 раундын нийт 317 логик пазл бодож, оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Тэмцээнд Монгол Улсаас оролцсон баг тамирчдын долоо нь Сүхбаатар аймгийн сурагчид байсан юм. Тэмцээнд амжилттай оролцоод ирсэн багш, сурагчдыг аймгийн Засаг дарга мөнгөн шагналаар урамшуулсан юм.
Таван жил гацсан 960 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа
Баруун-Урт сумын тавдугаар сургууль буюу 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгын ажил 2018 онд эхэлсэн ч таван жилийн дараа буюу 2024 онд ашиглалтад орлоо. Улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг сургуулийг барьсан юм. Ингэснээр стандартын
бус орчинд хичээллэж байсан гуравдугаар сургуулийн сурагчид шинэ байранд нүүн орж, орчин үеийн, тохилог орчинд суралцаж эхэлсэн юм. Сургуулийн шинэ барилга нь орчин үеийн зураг, төлөвлөлтөөр барьсан.
Урлагийн болон спортын заал, хоолны танхимтай,
анги танхимууд нь саруулхан. Мөн барилга бүхэлдээ гал эсэргүүцэх усны нэмэлт системтэй, спорт
заалны шалыг агч модоор шалласан гээд давуу тал ихтэй.
Спортын орчин үеийн цогцолбортой боллоо
700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулав. Барилгын гүйцэтгэгчээр "Их модун" ХХК ажилласан бөгөөд улсын төсвийн 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай томоохон бүтээн байгуулалт юм. Тус барилгыг 2009 онд анх барьж эхэлсэн боловч 2011 онд зогссон. 2021 онд ШУТИС-ийн БАС-ийн оношилгоо судалгааны төвийн мэргэжилтнүүдээр газар дээр нь үзлэг шалгалт хийлгэн дүгнэлт гаргуулж, шаардлагатай цутгамал төмөр бетон бүтцэд хүчитгэл хийснээр цааш үргэлжлүүлэх боломжтой гэх дүгнэлт гарсан байдаг. Улмаар 2022-2024 онд уг бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ийнхүү бүрэн дуусгажээ.
Гурван сумын түүхт ой тохиов
1924 онд сум байгуулах сууриа тавьж байсан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Уулбаян сумын түүхт 100 жилийн ой энэ онд тохиов. Сум бүр ойгоо угтсан бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнгөө засаж, өөдлөн дэвжих дараагийн зуунаа угтан авлаа. Тус сумдын уугуул, суугуул иргэд газар газраас нутаг орноо зорин ирж, дэнж хотойтол дэлгэр сайхан наадацгаав. 2025 онд тус аймгийн Дарьгангын хошууны зургаан сумын түүхт ой мөн тохиох юм.