ОРХОН: "Эрдэнэт хүний хөгжил" хөтөлбөрийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян- Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хүний хөгжил уриатай Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 79 хувийн саналаар баталлаа.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг “Эрдэнэт хүний хөгжил” уриатай 4 бүлэг, 19 дэд бүлгийн хүрээнд боловсруулсан байна. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдээс санал авах ажлыг зохион байгууж, давхардсан тоогоор 600 хүний 1357 саналыг нэгтгэж тусгасан.
Хөтөлбөр хэрэгжсэнээр Орхон аймгийн иргэн бүр аймаг орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлын үр шимийг бодитойгоор хүртэж чаддаг, оролцоо, дуу хоолой нь орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр болдог, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэйгээр авдаг болно гэж үзэж байна. Мөн аймгийн төдийгүй улс орны нийгэм эдийн засагт чухал үр нөлөө үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Ажилгүйдлийн түвшинг бууруулж 7.4 хувьд хүргэх бөгөөд 2024 оны байдлаар аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.9 хувьтай байна. Үүнийг 7.4 хувь болгон бууруулах зорилт тавьсан. “Хөдөлмөр зуучлалын төв”-ийг шинээр байгуулж, 400-гаас доошгүй ажлын байр шинээр бий болгон, нийт 2500-аас доошгүй хүнийг ажлын байранд зуучлах зорилтыг дэвшүүлсэн. Чанартай боловсролыг дэмжсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн тэгш хүртээмжтэй, чанартай боловсролыг олгохоор “Хамгийн сайн сургууль, цэцэрлэг-Гэрт ойр сургууль, цэцэрлэг”, “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт-сэргийлэлтийн төв байгуулж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт- сэргийлэлтийн төв”,болгох бөгөөд нийгмийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулан нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулж, дотоод болон гадаадад хүний нөөцийг бэлтгэн сургах, туршлага солилцох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт оруулжээ.