Төрийн албан хэргийг албан ёсоор хос бичгээр хөтөлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг өнөөдрөөс кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэллээ.
Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, хамгаалах, өвлүүлэх нь монголчууд бидний эрхэм үүрэг юм.
Монгол хэлний тухай хуульд:
"7.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн
хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн
болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос
бичгээр хөтлөн явуулна.
24.2.Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" хэмээн тус тус заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангахад боловсролын сургалтын
байгууллагууд манлайлан ажиллах юм.
Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 2021 онд анх
удаа авч, төрийн 150 мянга орчим албан хаагчийг хамруулан, үр дүнг нэгтгэжээ.
Албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн эсэх судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.6 хувь нь “Тийм” гэсэн бол үлдсэн 46.4 хувь нь “Үгүй” гэж хариулсан байна.
Улсын дундаж болон бусад аймгийнхтай харьцуулахад Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 74.7
хувь нь албан хэргээ “бэлэн” гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж
байна.
Мөн төрийн 200 мянган албан хаагчаас авсан судалгаагаар
69 400 албан хаагч буюу 53.6 хувь нь
нэгдүгээр ангиасаа монгол
бичгээ эзэмшсэн байна.