“US Steel” компанийг худалдахыг Ж.Байден хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-04 11:19:33

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 4 /VOA/. Америкийн “US Steel” компанийг 14.9 тэрбум ам.доллароор Японы “Nippon Steel” компанид худалдахыг хориглох тухай шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт гаргажээ. 


Ж.Байден мэдэгдэлдээ "Дотоодын гангийн хүчирхэг үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл бөгөөд тогтвортой нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дотоодын гангийн үйлдвэр, ган хайлагчидгүй бол манай улсын хүч чадал суларч, аюулгүй байдал дордоно” гэж онцолжээ. 


Уг компанийг худалдан авах тухай гэрээ байгуулсныг 2023 оны 12 дугаар сард мэдэгдсэн даруйд улс төрийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Нэгэн цагт АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг хянаж байсан, 1 тэрбум гаруй ам.долларын үнэтэй түүхэн дэх анхны корпорац болох тус компанийг худалдан авахыг хориглоно гэдгээ Дональд Трамп, Жо Байден нар мэдэгдсэн байна.


Гэрээ байгуулахын тулд "Nippon" компани их хэмжээний мөнгө төлж,  үйлдвэрлэлийн хэмжээг өөрчлөхийг хориглох эрхийг Америкийн засгийн газарт олгох гэх мэт хэд хэдэн буулт хийсэн юм. Уг гэрээг байгуулахгүй бол олон мянган хүн ажилгүй болно гэдгийг тус компани анхааруулж байв. Одоо Охайод төвтэй “Cleveland-Cliffs” компани тус компанийг худалдан авахыг санал болгож магадгүй гэж шинжээчид үзэж байна. 


АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороо (CFIUS) үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэн хэлэлцээрийг хэдэн сарын турш хянаж үзсэн боловч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй байсаар 12 дугаар сард асуудлыг Ж.Байдены мэдэлд шилжүүлсэн юм.


Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа эхлэхэд “U.S. Steel”-ийн хувьцаа 7  хувиар унаж, 30.32 ам.доллар болжээ. 


Байдлыг намжаахын тулд “Nippon” компани төв байраа Америкийн гангийн компани байрладаг Питтсбург руу нүүлгэхийг санал болгож, US Steel  болон USW үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан бүх гэрээг дагаж мөрдөхөө амлаж байв. “Nippon Steel” мөн АНУ-ын засгийн газарт  компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал буурч болзошгүй тохиолдолд хориг тавих эрхийг санал болгожээ.


Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба өнгөрсөн 11 дүгээр сард Байденд илгээсэн захидалдаа, хоёр компанийг нэгтгэхийг зөвшөөрөхийг Цагаан ордны тэргүүнд уриалжээ.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Кирби мэдэгдэхдээ, "U.S. Steel"-ийг худалдахыг хориглох шийдвэрийг Японд хохирол учруулах зорилгоор бус харин АНУ-ын гангийн үйлдвэрлэлийг хамгаалахын тулд гаргасан гэжээ.



Холбоотой мэдээ