ГОВЬ-АЛТАЙ: Бугат сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 05 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт тус аймгийн Бугат сумын төвөөс баруун урагш 38 км, Төгрөг сумын төвөөс баруун урагш 84 км, Алтай сумын төвөөс баруун хойд зүгт 107 км зайд Улаанбаатарын 15:26 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Манай орны хувьд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгддэг ч хөдөө орон нутагт барилгажилт бага, суурьшил сийрэг тул харьцангуй хохирол бага юм.
Ташрамд, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.
Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.
Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг.