Энэтхэг улстай бизнесийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-01-07 16:38:24

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд ноён Атул Малхари Готсурветэй өнөөдөр уулзаж, эртний найрамдалт харилцаат Монгол-Энэтхэг улсын эдийн засаг, худалдаа, бизнесийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.


Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Л.Төр-Од Бүгд Найрамдах Энэтхэг улстай тодорхой салбарт хамтран ажиллах боломжтойг танилцуулав. Тухайлбал, өндөр технологи, хиймэл оюун, мэдээллийн технологийн салбарт Энэтхэг улсын компаниудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, БНЭУ-аас нарийн мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг урьж ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын салбарт Энэтхэг улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, технологийн болон англи хэлний сургалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.


Түүнчлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт санхүү, автомашин үйлдвэрлэлийн салбарт бизнесийн хамтын ажиллагаа явуулах тухайд саналаа солилцов. Автомашины чиглэлээр бүс нутагтаа төдийгүй дэлхийд байр сууриа эзлээд буй Махиндра, Тата моторс зэрэг компанитай хамтран Монголын байгаль цаг уурын нөхцөлд тохирсон автомашин нийлүүлэх боломжийн тухай, мөн хүнсний салбарт чанартай эрүүл хүнсний нийлүүлэх, ялангуяа өргөн хэрэглээний будаа, жимс, жимсгэнэ зэрэг бизнесийн боломж, нөхцөлийн талаар ярилцсан юм.

Холбоотой мэдээ