Уул уурхайн ТӨК-иудыг “Эрдэнэс Монгол”-д, уул уурхайн бус компаниудыг “Эрчэс Монгол”-д нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-08 14:23:15

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ талаар танилцуулахдаа “Төрийн өмчит 122 компанийн мэдээллийг таван компани л нэгтгэдэг. Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу “Эрчэс Монгол” гэж байгуулна. Харин яамдад байдаг улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ. Хувийн хэвшлийн хийж болох ажлыг шилжүүлнэ. Эсвэл салбарын сайд өөрийн багцаас цалинжуулаад ажиллах юм уу, татан буулгана гэсэн үг. Ингэснээр төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй болно. Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглалын ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг өргөн мэдүүлж байна.


Өнгөрсөн 2023 оны байдлаар 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг энэ хуулиар цаашдаа улсын хэмжээний төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хянадаг, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажилладаг болно. Харин төрийн өмчийн компанийн засаглалд шууд оролцох байдлыг зогсооно. Уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацтай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байна. Эрчим хүчний 34 компанийг долоо болгож нэгтгэн, төсөв хэмнэнэ. Ингэснээр төрийн өмчийн 122 компани 56 болно” хэмээлээ.




 

 

 

Холбоотой мэдээ