Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-08 15:49:43

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.


Нийслэлийн хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн бөгөөд хот төлөвлөлтийн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжүүлэх шаардлагатайг төсөл санаачлагч танилцуулав. Тиймээс хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийн төсөлд томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан талаар Л.Оюун-Эрдэнэ сайд онцоллоо.


Тухайлбал, Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгож, төвлөрлийг бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ.


Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд хот байгуулахаар санаачилж буйгаа танилцуулсан юм.

Ташрамд, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2017 оноос эхлэн боловсруулсан юм.


Холбоотой мэдээ