Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна. Өнөөдрийн чуулганаар зургаан асуудал хэлэлцэх бөгөөд хамгийн эхэнд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-нд барьсан төсөл олны анхаарлыг багагүй татаж байгаа юм. Түүнчлэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим үйл ажиллагааны тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 26-нд өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтжээ.
Дашрамд дурдахад,
өнөөдрийн чуулган эхлэхэд орон нутгийн томилолттой зургаа, гадаад томилолттой
нэг, эмнэлгийн чөлөөтэй 10, чөлөөтэй 10 гишүүн байгаа бол 84 гишүүн ирцээ
бүртгүүлжээ.