БАЯНХОНГОР: Онцгой комисс хуралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс оны анхдугаар хуралдаанаа хийж, өвөлжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Хуралдаанаар мал аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, отор нүүдэл хийж байгаа малчдад үүсэж болзошгүй хүндрэл, бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Мөн зудын их эрсдэлтэй Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Хүрээмарал сумын нөхцөл байдлыг сонсож авах арга хэмжээний чиглэл өгсөн юм.
Сумдад өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, сумдын удирдлагад отор нүүдлээр явж байгаа малчин иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Түүнээс гадна Хүнс хөдөө аж ахуйн газарт мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах шуурхай хариу арга хэмжээний төлөвлөлтийг тодотгож танилцуулах чиглэл өглөө.
Энэ сарын хоёрдугаар 10 хоногийн дунд үед, гуравдугаар 10 хоногийн дунд үе болон эцсээр цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг малчдад шуурхай хүргэх, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг нийт сумын удирдлагуудад үүрэгдэв.