Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан баг БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн үйл ажиллагаатай энэ сарын 7-11-нд танилцаж байна.
Тус баг ЭМЯ-ны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс бүрджээ.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны Дэд сайд, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний захиргааны дарга, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирал Проф Хонгбинг Шентэй хийсэн албан уулзалтын үеэр эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа нь өвчний хяналт, сэргийлэлтийн талаар өргөжиж байгааг дурдлаа.
Тэрбээр Монгол Улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч
хуулийн төслийг боловсруулж, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их
Хурлаар эцэслэн батлуулж, 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс
хэрэгжиж эхлээд байна. Уг хуулиар Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Нийгмийн
эрүүл мэндийг төв байгуулах асуудлыг хуульчилж Монгол Улсын богино,
дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт үндэсний түвшинд Өвчний
хяналт сэргийлэлтийн төв, орон нутагт Нийгмийн эрүүл мэндийг төв байгуулж,
нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг
сайжруулах чиглэлээр томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ чухал үед
БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон харьяалах бусад байгууллагын
бүтэц, үйл ажиллагаа, сайн туршлага, ололт амжилтаас хуваалцаж байгаад талархал
илэрхийлж, Монгол Улсад айлчлахыг урилаа.
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны Дэд сайд, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний захиргааны дарга, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирал Проф Хонгбинг Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Тус баг БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Шуурхай удирдлагын төв, Цацраг судлалын үндэсний хүрээлэн, Хөдөлмөрийн эрүүл мэнд болон Хордлогын хяналтын үндэсний хүрээлэн, БНХАУ-ын ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, аймгийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн бүтэц, үйл ажиллагаатай танилцах юм.