Гэр бүлийг дэмжихэд олон улсын байгууллагуудтай хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ-ны удирдлагууд Олон улсын байгууллагуудтай гэр бүл, хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.
Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Японы Хүүхдийг ивээх сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, OneSky байгууллага, “Гүүд нейборс”, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/, Лоринэт сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөллүүд оролцжээ. ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар “Гэр бүл, хүүхдийн өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин, шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулж, оролцогч байгууллагуудын 2025 оны төлөвлөгөөг сонссон байна.
Л.Энх-Амгалан сайд ярихдаа “Цаашид олон улсын байгууллагуудтай хийх уулзалтаа тогтмолжуулна. Гэр бүлийг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, бодлогын оновчтой хувилбарыг гарган хэрэгжүүлэх чиглэлээр, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, цочролд үзүүлэх хариу арга хэмжээний үр дүнгийн талаар, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын зарцуулалт зэрэг олон асуудлаар мэдээлэл солилцож байхаар шийдвэрлэлээ” гэв.