“Өвсний үндэс" тусламжийн хүрээнд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2025-01-14 14:30:08

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар өнөөдөр гарын үсэг зурав. Уг ёслолд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь оролцсон юм.


Төслийн хүрээнд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд засвар хийх юм.Тус эмнэлгийн хувьд дээврээс дусаал гоожих, цахилгааны тоноглолын гэмтэл, саатлаас үүдэн цахилгаан тасардаг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлийг бий болгож байгаа аж.

Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр эдгээр асуудал шийдэгдэж, тус эмнэлгийн эмч ажилчид тохь тухтай орчинд ажиллах, эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах боломж бүрдэнэ гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тодотгов.


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 610 дахь, Сүхбаатар аймагт хэрэгжүүлэх 15 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 233,748 ам.доллар юм.


“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.




Холбоотой мэдээ