ДОРНОД: Буйр нуурт нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Буйр нуурт усны тэнцэл, дүрс зүй, усны биологи, загасны нөөцийн нарийвчилсан цогц судалгаа хийх шаардлагатай. Учир нь сүүлийн жилүүдэд бүс нутаг болон сав газарт уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, түүний үр дагавар онцгой мэдрэгдэх болсон байна. Тиймээс энэ чиглэлийн судалгаа, хамгааллын ажлыг идэвхжүүлэх шаардлагатайг байгаль орчны салбарынхан онцолдог. Тухайлбал, Буйр нуурын эрэг, Дэгээ гол дээр ус судлалын харуулыг шинээр байгуулж, Нөмрөгийн харуулыг байнгын, цахим ажиллагаатай болгох, Буйрын Загасны үйлдвэрийн харуулын усан гадаргын ууршлын багажийг автоматжуулах шаардлага юун түрүүнд тулгарч байгаа юм.
Дэлхийн цаг уурын
байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшлын стандартаар Халх
гол, Буйр нуурын сав газарт ус судлалын 6-8 харуул байх шаардлагатай. Энэ
стандартыг хангаж байж усны горим, нөөцийн ажиглалт хэмжилт, үнэлгээний
нарийвчлалыг хангана. Гэтэл одоогоор Халх гол, Буйр нуурын сав газрын
гурван цэгт ус судлалын харуул ажиллаж байна.