БАЯНХОНГОР: Төсөл хэрэгжүүлэх талууд санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-16 12:32:09
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан нараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллалаа. Бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр хүлээн авч уулзав.
НҮБ-ын Хүүхдийн сангаас 2025 онд Баянхонгор аймагт эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны ариун цэвэр, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллана.

Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд, УИХ-ын Тамгын газрын НББХ-ны Ахлах зөвлөх, ГХЯ-ны атташе болон орон нутгийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Мөн үеэр Засаг даргын орлогч Б.Наранбаяр Баянхонгор аймгийн хүүхэд багачууд, гэр бүл, эрүүл мэнд, нийгмийн хэсэгт хандсан төсөл хөтөлбөр бүрийн үр дүнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн Баянхонгор аймаг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор хангаж буй нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд, Хүүхдийн сангаас 21 аймагт хүрч ажиллах үндсэн суурь нөхцөлийг Баянхонгор аймаг тавьж, сайтар туршлагажуулсан гэж тодотгов.

Гэр бүл, халамж, тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг хийхээр орон нутгаас тодорхой санал санаачилгыг УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л.Энхнасан биечлэн авч буй. Тэрбээр Баянхонгор сумын 14-р цэцэрлэгийн /гэр цэцэрлэг/ үйл ажиллагаатай танилцан, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ