Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум төгрөгийн гэрээ хэлцэл байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Истанбул, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ хүрээнд Анкара хотод хөрөнгө оруулалтын форум болсон бол яг одоо Истанбулд бизнес форум эхэлж байна. Энэхүү форумд Туркийн талаас 130 орчим бизнес эрхлэгч, Монголын талаас барилга, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхайн 100 орчим компанийн төлөөлөл оролцож байна.
Форумын үеэр Монгол Улсын тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хэлэхдээ "Монгол Улс ойрын 2-3 жилд уул уурхайн салбарын бүтээмж, орлогыг хэд дахин нэмэгдүүлж, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлнэ. Манай улс Хятад, Япон, Европын зах зээлтэй холбогдсон. Зүүн өмнөд Азитай интеграцид бүрэн орж байна. БНТУ-ын бизнес, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн ярив.
Энэ үеэр Тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр, БНТУ-ын Худалдааны сайд Омер Болаттай уулзжээ. Уулзалтаар Монголын талаас гол хөрөнгө оруулалт авах салбарууд бол арьс шир, ноос ноолуур, уул уурхай гэдгийг тодотгосон бол Туркийн Худалдааны сайд халал стандартыг маш сайн хангасан малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар ярилцжээ.
Турк-Монголын хөрөнгө оруулалтын форум хүрээнд 15-20 тэрбум төгрөгийн гэрээ хэлцэл байгуулж байгаа юм. Дашрамд дурдахад, хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны байдлаар 115.4 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүний Туркийн тал 97, Монгол 3.0 хувийг эзэлж байна.