Үнэт цаасны зах зээлийн арилжаа хоёр дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2024 онд 1.5 их наяд төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оныхоос 752.6 (2 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 60.2 (890.5 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн, 39.8 (587.9 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ аж. Нийт гүйлгээний 61.1 хувийг компанийн бонд, 24.2 хувийг компанийн хувьцаа, 13.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.7 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байна. Үнэтцаасны гүйлгээ 2024 оны 12 дугаар сард 266.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 190.7 (3.5 дахин) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 209.5 (4.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийт арилжсан үнэт цаасны 14.8 (192.5 сая ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 85.2 (1.1 тэрбум ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдав. Арилжсан үнэт цаас 2024 оны 12 дугаар сард 201.9 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 170.5 (6.4 дахин) сая, өмнөх оны мөн үеийнхээс 127.3 (2. 7 дахин) сая ширхгээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны 12 дугаар сард 50277.7 нэгж болж, өмнөх сарынхаас 983.5, өмнөх оны мөн үеийнхээс 11723.8 нэгжээр өсөв. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2024 оны 12 дугаар сард 13 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 310 (2.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (11.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Зах зээлийн үнэлгээний 99.8 (12.9 их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.2 (29.0 тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж эзэлж байгаа аж.