БАЯН-ӨЛГИЙ: Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-18 20:05:09

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. ХХ зууны манлай дасгалжуулагч МУГД В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд боллоо.

 

Уг тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ-ын баг 2 алтан медаль хүртлээ.

 

Тэмцээний аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаанд шалгараад байсан 70 кг жинд өрсөлдсөн ОУХМ А.Жандос “Хөх чоно" клубийн тамирчин Б.Очирхуягийг 5:0 харьцаатай ялж, аваргын алтан медалийг анх удаа хүртсэн бол ОУХМ Х.Бекнур “Power” клубийн тамирчин Б.Есүхэйтэйг 2 үед илт давуу байдлаар буулган авч 3 дахь алтан медалиа хүртлээ.

 

Х.Бекнурын хувьд өнгөрсөн оны сүүлд Тайланд улсад зохион байгуулсан сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

 

Тус тэмцээнд тамирчдыг БТСГ-ын дасгалжуулагч ОУХМ А.Нурлан удирдан оролцууллаа.

Холбоотой мэдээ