Кувейтийн Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-20 09:41:33

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Кувейт Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Мутлак Аль-Тувимерыг хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Элчин сайдыг үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргээд, энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, ойн хүрээнд төлөвлөсөн айлчлал, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хоёр талаас ач холбогдол өгч ажиллахын чухлыг онцлов. Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх Элчин сайдын үйл хэргийг Гадаад харилцааны яам бүх талаар дэмжиж ажиллахыг нотлов.

 

Элчин сайд Мутлак Аль-Тувимер Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч, бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ