ДОРНОГОВЬ: Энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-23 13:01:03

Сайншанд, нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2025 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлалаа. Зорилтот жилийн хүрээнд аялал жуулчлалын салбарын аймгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах ”Хамтын өсөлт 2-0” буюу “Уялдан зохицох уран төгөлдөршил” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулжээ.


Энэ ажлын хүрээнд чанар стандартыг хангасан чанартай, хаяг савлагаатай, аялал жуулчлалын багц брэнд бүтээгдэхүүнийг гарган авахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Их говийн тэмээ-2025” үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд зохион байгуулна.


Дорноговь аймаг гадаад, дотоодын аялагч жуулчдын сонирхлыг татсан байгалийн болон түүх дурсгалт олон газартай. Жуулчдын хамгийн их очдог газар бол Хамарын хийдийн бүс нутаг юм. Өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар Хамарын хийд, Энергийн төв буюу Шамбалын орон, Өвгөн суварга, Ханбаянзүрх хайрхныг 90 мянга гаруй гадаад, дотоодын жуулчин зорин очсон бол 2023 оны мөн үед гадаад, дотоодын 85571 жуулчин тус бүс нутагт аялжээ. 


Энэ нутагт энергийн төв Шамбалын орон бий гэж үздэг. Шамбалын орныг нээж олохоор гадаадын олон эрдэмтэн, аялагч жуулчид олон зууны өмнөөс Азид, тэр тусмаа Төвөдийн өндөрлөг, Монголын говиор явж мэдээ занги, аян замын тэмдэглэлүүд бичиж үлдээсэн нь бий.


Аялал жуулчлалыг татах бас нэгэн сонирхолтой үзмэр бол Сайншанд хотын орон нутаг судлах музейд буй эзэн богд Чингис хааны төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг юм. Эзэн Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаад харь улсыг дайлаар мордож, эзэнт улсаа төвхнүүлэн байхдаа Их сүлдний шүтээнийхээ дагуул тугаа улсынхаа хилийг дагуулан байршуулж, улс гэрээ хамгаалдаг байсан тухай шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам томоохон судалгааны ажил хийсэн байдаг.


Эзэн богд Чингис хааныхаа төрийн сүлд шүтээнийг хүндэтгэж, олон нийтэд сурталчлах Дорнын говийг зорин ирсэн аялагч жуулчдад үзүүлэх, таниулах, эх түүхээрээ бахархах ажлыг орон нутгаас зохион байгуулахаар төлөвлөжээ. Их Монгол Улсын үеэс уламжлан ирсэн энэхүү цагаан туганд Дорноговь аймгийн хууль хяналтын байгууллага болон төрийн алба хаагчид хүндэтгэл илэрхийлээд багагүй хугацааг үдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ