Кувейтийн сантай авто замын салбарт дахин хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулахаар тус улсад ажиллах үеэр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-тай уулзав.
Энэ үеэр одоо хамтран ажиллаж байгаа болон цаашид
хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тухайлбал, тус сантай Улаанбаатар хот–Шинэ
Хархорум хот чиглэлийн 382 км авто замын төслийн нэг хэсэг Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7
км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлэх талаар
санал солилцож, төслийн хөрөнгө оруулалтыг Катарын баялгийн сан, Дубайн хөрөнгө
оруулалтын сан, Оманы хөрөнгө оруулалтын сан, олон улсын хөрөнгө оруулалтын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд
Аль-Бахар Кувейтийн сан бусад Булангийн зөвлөлийн хамтын ажиллагааны орны
сангуудтай байнгын холбоотой хамтран ажилладгийн хувьд төсөлд эдгээр санг татан оруулах, төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгахад дэмжихээ илэрхийлснийг ЗТЯ мэдээлэв.
Засгийн газраас
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай “Өндөрхаан нисэх онгоцны буудлын
шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох
хэлэлцээр”-ийг 2018 онд байгуулан, Хэнтий аймгийн Өндөрхааны нисэх онгоцны
буудлыг шинэчлэн барих төслийг хэрэгжүүлж байна.
Кувейтийн сантай Монголын зам тээврийн салбарт хамтран ажиллаж, 2002-2015 онд Кувейтийн сангийн
санхүүжилтээр Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн
нийт 415 км авто зам барих
төслийг хэрэгжүүлсэн билээ.