Украины дайны явцыг өөрчлөхийг НАТО-гийн орнуудад уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАВОС, 2025 оны нэгдүгээр сарын 24 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд ялбал өрсөлдөгчдөө тогтоон барих НАТО-гийг чадавх бололцоог алдагдуулж, тэднийг сөрөн зогсоход илүү их хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай болно гэж НАТО-гийн тэргүүн Марк Рютте Давосын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ.
"Тиймээс Дональд Трампын зөв. Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэн даруй, эрс нэмэгдүүлэх ёстой" гэж тэрбээр хэлсэн байна.
Украинд үзүүлэх дэмжлэгийг багасгах биш харин нэмэгдүүлэх ёстой гэж М.Рютте онцлоод "Бид дайны явцыг өөрчлөх ёстой. XXI зуунд нэг улс нөгөө улс руу дайрч, колоничлохыг оролдохыг Барууны орнууд зөвшөөрч болохгүй" гэж тэрбээр хэлжээ.
Украин улс ялагдах аваас НАТО "тогтоон барих чадавх нөөц бололцоогоо дахин бүрдүүлэхийн тулд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд шаардагдах мөнгөнөөс хамаагүй илүү үнэ төлөх хэрэгтэй болно" гэж М.Рютте мэдэгджээ. "Энэ бол хэдэн тэрбумаар биш хэдэн их наядаар хэмжигдэх хөрөнгө мөнгө юм" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга сануулав.
М.Рюттегийн хэлснээр, НАТО одоогоор аюулгүй байгаа боловч батлан хамгаалахад зориулах зардлыг ДНБ-ий 2 хувьд хязгаарлах аваас 4-5 жилийн дараа өөрийгөө хамгаалж чадахгүй болно. "Хэдийгээр эвслийн орнууд ийм зорилт тавьсан боловч өнгөрсөн онд 32 орноос 23 нь л эл зорилтыг биелүүлсэн. Гэхдээ батлан хамгаалахад зориулах зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэсэн нь ч хангалтгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотон орнуудыг илүү их мөнгө зарцуулахыг шаардаж байгаа нь туйлын зөв" гэж Нидерландын Ерөнхий сайд асан Европын Холбоо дахь түншүүддээ хандан хэлжээ.