Хүлэрт намгархаг газрын экосистемийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-01-24 15:31:34

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэх” төслийг Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий аймгийн хүлэрт намгархаг газруудад хэрэгжүүлнэ.


Ингэснээр 1000 га хүлэрт намгархаг газрыг сэргээж, 1000 га газрын ландшафтыг тогтвортой менежментийн аргачлалаар сайжруулж, нүүрстөрөгчийн шингээлт, экосистемийн үйлчилгээг нэмээд зогсохгүй, 20 жилд 594 мянган тн CO2 ялгарахаас сэргийлэх боломжтой гэж тооцжээ. Төслийн өгөөж, үр ашгийг хамгийн багадаа 14000 хүн шууд байдлаар хүртэхийг БОУАӨЯ мэдээлэв.


Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс хэрэгжүүлэх төсөл нь Монгол орны хүлэрт намгархаг газрын экосистемийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа эвдэрсэн хүлэрт газрын хүлэмжийн хийн ялгарал, газрын доройтлыг багасгах, нутгийн уугуул, цаа буга маллагчдын чадавхыг бэхжүүлэх, экосистемийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхийг нэмэх зорилготой аж.


Монгол орны хүлэрт намгархаг газар нь нүүрстөрөгчийг шингээх, усыг цэвэршүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад амин чухал экосистем юм. Харамсалтай нь хүлэрт намгархаг газар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зохисгүй ашиглах, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс доройтож, хүлэрт газраас ялгарах хүлэмжийн хий нэмэгдэж, экосистемийн үйлчилгээ багасаж байгаа билээ. 



Холбоотой мэдээ