ӨВӨРХАНГАЙ: Богд сум гурав дахь удаагаа “Мөнгөн буйл”-ын шагнал хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Богд сумын 5 дугаар багийн малчин О.Түвшингийн хотонд өнгөрсөн жилийн 3 дугаар сард ингэ ихэрлэсэн юм. Ихэр ботго гаргасан ингэн тэмээг “мөнгөн буйл”-аар буйлладаг ёс уламжлалын дагуу аймаг, сумын удирдлагууд энэ сарын 23-ны өдөр хотонд нь очиж, ганган хүрэн ингийг мялаан малчин О.Түвшингийн гэр бүлд хүндэтгэл илэрхийллээ.
О.Түвшин 1996 онд 8 дугаар ангиа төгсөж, 1997 оноос Хөдөлмөрийн баатар Ж.Мааньд тэмээчнээр шавь орон мал маллаж, өдгөө 300-гаад толгой тэмээн сүрэгтэй болжээ.
Ингэснээр Богд сум гурав дахь мөнгөн буйлаа хүлээн авч байна. Тодруулбал, 1979 онд 12 мянган тэмээ тоолуулж Засгийн газрын шагнал "Мөнгөн буйл" хүртэж байсан бол 40 жилийн дараа 2019 онд 10635 тэмээ тоолуулж, түмэн тэмээтэй болсны баяраа Хөдөлмөрийн баатар Д.Жанцангийн хотонд тэмдэглэн “Мөнгөн буйл” гардуулж байсан юм.
Ташрамд, Богд сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тэмээчин дөрөв төрсөн. Анхны баатар Д.Цэрэнпунцагийн араас 1969 онд Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлээс Ж.Маань Хөдөлмөрийн баатар болж байсан бол 1979 онд Д.Инов жил бүр 600 хүртэл тооны тэмээ маллаж, 100 ингэ бүрээс 92-100 ботго бойжуулан Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ.
Мөн малчин Д.Жанцан1984 оноос “Сүхбаатарын зам” нэгдэлд тэмээчнээр ажиллаж, үйлдвэрлэлийн даалгавраа 100-124,7 хувь биелүүлэн улсын хошой аварга малчин болж байсан ба 1989 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
Гэрэл зургийг Г.Билгүүн