М.Киз Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЕЛЬБУРН, 2025 оны нэгдүгээр сарын 26 /AP/. Америкийн теннисчин Мэдисон Киз “Мельбурн Парк” спорт цогцолборт бямба гарагт болсон Австралийн нээлттэй тэмцээний финалд тус тэмцээний хоёр удаагийн аварга Беларусийн тамирчин Арина Соболенког буулган авснаар “Их дуулга”-ын анхны цомоо өргөлөө.
Дэлхийн чансааны 19-т бичигдэж буй 29 настай М.Киз 6-3, 2-6,
7-5 харьцаагаар дэлхийн чансааг тэргүүлэгчийг илүүрхжээ. Америкийн теннисчин “Их
дуулга”-ын финалын шатанд хоёр дахь удаагаа шалгарсан нь энэ бөгөөд найман
жилийн өмнө АНУ-ын нээлттэй тэмцээний дэд байр шалгарч байсан юм.
М.Киз мөн 2015 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд Италийн теннисчин
Флавиа Пеннетта 33 насандаа түрүүлснээс хойш томоохон тэмцээнээс аваргын цол
хүртсэн хамгийн ахмад тамирчин болжээ. “Би энэ мөчийг маш удаан хүлээсэн. Их
Дуулгын өөр нэг финалд шалгарч байсан ч миний хүсэж байсан үр дүнд хүрээгүй”
гэж тэрбээр сэтгэгдлээ хуваалцжээ.
Өнөө орой Италийн теннисчин Янник Синнер, Германы тамирчин Александр Зверев нар Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын цомын төлөө өрсөлдөнө. Я.Синнер хагас шигшээд Америкийн Бен Шелтоныг хожсон бол “Их дуулга”-ын 24 удаагийн аварга, Сербийн теннисчин Новак Жокович бэртлийн улмаас тэмцээнийг орхисноор А.Зверев финалд шалгарсан юм.