ӨМНӨГОВЬ: Тамирчид, дасгалжуулагчдын амжилтын бүртгэл мэдээллийг цахимжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-27 12:41:45

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг спортын мэдээллийн нэгдсэн цахим платформтой болж, баг тамирчид, дасгалжуулагчдынхаа амжилтын бүртгэл, мэдээллийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн хэмжээнд спортын холбоодын үйл ажиллагаа спортын бүх төрөлд хурдацтай хөгжиж, баг, тамирчдын амжилт чансаа өндөр болж байна.

 

Тиймээс Өмнөговь аймгийн Засаг дарга 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй спортын холбоод, клубүүдийн удирдлагыг хүлээж авч уулзаж, “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд спортын хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, орон нутгийн бодлого, дэмжлэгийн талаар харилцан санал солилцохоор төлөвлөжээ.

 

Энэхүү цахим платформ нь Өмнөговь аймгийн хэмжээний спортын нэгдсэн мэдээллийн сан байх бөгөөд спортын холбоод, клубүүдийн тамирчид, багш дасгалжуулагчдын үндсэн мэдээлэл, зэрэг, цол, оролцсон уралдаан тэмцээн, амжилтыг цаг тухай бүрд нь оруулж, тамирчдаа алдаршуулах, иргэд олон нийт спортын мэдээ, мэдээллийг нэг дороос авах, тэдний амжилт бахархлыг түүх болгон авч үлдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ