Монгол, Лаосыг холбосон авто тээврийн коридор бий болгох талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаос Улсын Вьентьян хотноо болсон Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны хүрээнд Лаосын Нийтийн ажил үйлчилгээ, тээврийн сайд Нгампасунг Мөангманитай уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Б.Дэлгэрсайхан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт
өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцаа, бизнес
хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд харилцан зорчиход чухал ач холбогдолтой
тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийллээ.
Тэрбээр, “Монгол, Лаос хоёр улс нь хүн ам цөөн, газар нутаг том, далайд гарцгүй зэрэг ижил төстэй зүйл олон тул тээврийн сүлжээгээ оновчтой зөв хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлаа нэмэхэд онцгой анхаардаг. Өөр өөрийн онцлог байдал, мэдлэг туршлагаас хуваалцах боломжууд байгаа. ЗТЯ-ны ажлын хэсэг өнгөрсөн онд Лаос, Хятадыг холбосон 413 км хурдны төмөр замын ажлаас өнгөрсөн онд туршлага судалсан хэмээгээд Монголд хийхээр төлөвлөж буй төмөр замын төслүүдийг товч танилцуулав.
Түүнчлэн, хоёр улсын хороонд ачаа тээвэрлэлтийг Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ОСЖД/-ын дүрэм журам, үйл ажиллагааны хүрээнд хийхэд нээлттэйг тэмдэглээд, Улаанбаатар хотноо гуравдугаар сард болох ОСЖД байгууллагын зөвлөгөөнд Лаосын талыг ирж оролцохыг урьжээ.
Автотээврийн салбарт Монгол, Лаос улсыг холбосон авто
тээврийн коридор бий болгох талаар өмнө хийсэн айлчлалуудын үеэр хөндөж байсан. Автотээврийн харилцааг
хөгжүүлэх эрх зүйн үндэс болох боломжтой Азийн авто замын сүлжээгээр олон улсын
тээвэр хийх тухай Монгол,
Орос, Хятад гурван улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт нэгдэхийг Лаосын талд санал болгов. Уг
хэлэлцээрт бусад улс нэгдэн орох боломжтой. Лаос Улс нэгдсэнээр Монгол Улс руу төдийгүй дамжин өнгөрч ОХУ руу тээвэр хийх боломжтойг сайд тодотгожээ.
Мөн хоёр
улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэх, дэмжих агаарын
харилцаа чухлыг онцлоод, 2023
онд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ажил хэрэг болгоход
анхаарч хамтран ажиллахыг санал болгов. Монголын тал хоёр улсын хооронд шууд болон захиалгат, улирлын
чанартай нислэг хийх сонирхсон агаарын тээвэрлэгчдийг дэмжиж ажиллахад бэлэн
байгаагаа илэрхийлснийг ЗТЯ
мэдээллээ.
Лаос Улсын Нийтийн ажил үйлчилгээ, тээврийн сайд Нгампасунг
Мөангмани Монгол Улсын Зам, тээврийн сайдын түвшинд Лаос Улсад анх удаа
айлчлан ирж байгаад талархал
илэрхийлээд, “Хоёр улсын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан
багагүй хугацаанд хойшилсны дараа ийнхүү болсонд баяртай байна. Хоёр талын хамтын ажиллагааг бүх
салбарт ахиулан хөгжүүлэх чухал хурал болно гэдэгт итгэж байгаа”-гаа хэллээ.
Тэрбээр, Монголын
талын хэлсэн санал бодлыг бүрэн дэмжиж санал нэгдэж байгаагаа илэрхийлж, хоёр улсын эдийн засгийн хамтын
ажиллагааны үндэс нь тээврийн харилцаа болох тул яамдын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хоёр
улсын хоорондын худалдааны хэмжээ бага байгаа тул цаашид нэр төрлийг нэмэх, өөр өөрийн онцлог бараа
бүтээгдэхүүнийг солилцох сонирхол бий,
тухайлбал Лаос Улс нь Монголоос мах, махан бүтээгдэхүүн авах, Монголд жимс,
ногоо, мод модон
бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой тул тээвэр логистикийг шийдэхэд хоёр тал
анхаарч хамтран ажиллахыг санал болголоо. Мөн хоёр улс далайд гарцгүй орнууд тул хөрш орнуудаар саадгүй
дамжин өнгөрөх, хилийн боомт холболт, далайн тээврийн чиглэлээр харилцан
туслалцах, ялангуяа НҮБ,
бусад олон талт хамтын ажиллагааг харилцан
дэмжих нь чухлыг онцолжээ.