СЭЛЭНГЭ: Бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-30 10:16:34

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг болон "Цемент шохой" ХХК нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичигт "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг зурлаа.

 

Хамтын ажиллагааны хүрээнд:

-Талууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх.

-Сэлэнгэ аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх.

-Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тухай хуулийн дагуу хамтран ажиллаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах.

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, биелэлтэд хамтран хяналт тавих.

-Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, харьяа байгууллагуудтай хамтран ажиллахад бодлогын түвшний дэмжлэг үзүүлэх.

-Архив, бичиг хэрэг хөтлөлт болон бусад чиглэлээр туршлага судлах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хамтран хийх юм.

 

Энэхүү санамж бичиг нь орон нутгийн дэд бүтцийн хөгжил, байгаль орчны хамгааллыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Тухайлбал, "Цемент шохой" ХХК нь тус аймагт хэрэгжих төслүүдэд бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэхээс гадна уурхайн олборлолтоос үүдэлтэй байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд идэвхтэй оролцож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

 

Талууд энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын явцад харилцан үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ