Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаараар тээвэр хийх таатай нөхцөл бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Лаос улсын хооронд төмөр зам, авто зам, агаараар тээвэр хийх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр улсын салбарын яам, бусад холбогдох байгууллага чармайж ажиллана.
Энэ талаар Лаос
Улсын нийслэл Вьентьян хотноо энэ
сарын 25-29-нд болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн
хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар
хуралдааны үеэр Монголын
хэсгийн дарга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос
Ард Улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонгтай уулзах үеэр ярилцсан юм.
Сайд
Б.Дэлгэрсайхан энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хурал хоёр орны
улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд
бүтэц зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагааг дээшлүүлэх, өргөжүүлэх талд
чухал хувь нэмрийг оруулсныг
танилцуулаад, хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах,
худалдаа бизнесийг харилцан нэмэх сонирхол, нөөц боломж аль аль талд их байгаа тул боломжоо ашиглахад анхаарах нь зүйтэйг онцлов.
Ялангуяа Лаосын талаас Монгол Улстай хүнсний салбарт хамтран
ажиллах, дотор мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаа. Эргүүлээд жимс, ногоо, цагаан
будаа, мод, модон бүтээгдэхүүн зэргийг нийлүүлэх боломжтойгоо илэрхийлжээ.
Ерөнхий сайд Сонсай Сипандонг Монголын Засгийн газрын төлөөлөгчид Вьентиан хотноо айлчлан ирж хоёр орныг улам ойртуулж, нөхөрлөл, түншлэлийг бататгасан үйл ажиллагааг зохион байгуулсанд баяртай байгааг хэлж, манай хоёр улс нь түүхийн хугацаанд харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн дотны найз нөхөд гэдгийг онцлов.
Монгол Улс 126 гишүүнтэй УИХ-тай болсонтой холбоотой шинээр
нэмэгдсэн гишүүдийн суух ширээ сандлыг Лаосоос бэлэглэсэн, Монголын талаас амьд
хонь, хивс бэлэглэж байсан зэрэг жишээг дурдаад, Зам тээврийн сайдын танилцуулсан тээврийн хамтын ажиллагааны
саналуудыг Ерөнхий сайд дэмжин сайшааж, цаашид аяал жуулчлалыг хөгжүүлэхэд нислэг чухал тул анхаарч
ажиллахыг хүсжээ.