2025 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-01-31 16:59:17

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Авлигатай тэмцэх газарт болов.


Хуралдаанд 33 байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд 2025 онд санаачлан хэрэгжүүлэхээр зорьж буй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр болон АТГ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр салбар зөвлөлийнхөн 2025 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарласнаа албан ёсоор танилцууллаа. Энэ хүрээнд нийслэлийн төрийн үйлчилгээний дарамтыг арилгахад хууль, эрх зүйг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах төсөл хөтөлбөр баталсан байна. Үүнийг баталснаар иргэд шүгэл үлээх боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэн АТГ, Нийслэлийн прокурорын газартай хамтран ажиллах юм. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэнд нээлттэй, дарамт, чирэгдэлгүй байлгахыг зорьж  “шүүр” болон “шил” ажиллагааг хэрэгжүүлнэ.


НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр ярихдаа, “Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь, эрүүгийн хэрэгт холбогдогчдын 30 хувь нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх судалгаа байна. Тэгэхээр залуусын архины хэрэглээг хязгаарлаж, хорих бус 0 градустай шар айраг, дарс уух сонголтыг бий болгоё. Авто замын танхайралтай тэмцье. ЦЕГ-аас томоохон аянуудыг санаачлан хэрэгжүүлдэг ч жолоочийн ухамсар сэрэхгүй байна. Авто замын хөдөлгөөн зохицуулж байгаа замын цагдааг мөргөөд зугах, сургууль орчмын бүсэд хурдаа сааруулах, анхаарал болгоомж, самбаачлах хугацаагаа анхаарч тооцохгүй давхиж байна. Тэгэхээр хорин жилийн дараах эх оронч иргэнийг өнөөдрөөс бэлтгэе. Үүний тулд ЗХЖШ-тай хамтран соён гэгээрэл, нөлөөлөл, практик ажлыг шат дараатай хийе” гэлээ.


Зөвлөлийн гишүүд 2025 онд хүүхэд залуусын хөгжил, замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, гэр бүлийн хүчирхийлэл, залилангийн гэмт хэргийг багасгахад онцгой анхаарч, ажлаа уялдуулахаар санал нэгдэж төлөвлөгөөгөө баталжээ.

 

 




Холбоотой мэдээ