Д.Даваадорж: Иргэний нийгмийн байгууллагууд ардчилал, шударга ёс, хүний эрх, нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Манай улс 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Тухайн өдөр иргэний нийгэм, түүнтэй холбоотой асуудал хэлэлцдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаа иргэний орон зайн талаар олон талын оролцоотой хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын олон талын 40 гаруй төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучуудын бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваадорж, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Х.Баасанжаргал, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондов, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Улс төр, хэвлэл, мэдээллийн албаны дарга Кристоф Форакс, “Пипл ин Нийд” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл Э.Номин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Түүнчлэн “Сивикус” байгууллагын Ази-Номхон далайн бүс хариуцсан судлаач Жозеф Бэнэдик, Ашгийн төлөө бус эрх зүйн олон улсын төвийн Хууль зүйн ахлах зөвлөх Жули Хантер нар зочин илтгэгчээр оролцсон байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах үзэл баримтлал, Иргэний нийгмийн байгууллагын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлахад иргэний нийгмийн олон талт оролцоог хангахад дэмжлэг үзүүлж, улс төрийн эрх, хууль дээдлэх болон ардчилсан ёс, эрх тэгш байдал зэрэг үнэт зүйлийн бодит илрэл болсон орон зай, түүний харилцааг нарийвчлан зохицуулсан хууль зүйн баталгааны талаар оролцогч талууд хэлэлцэж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцахаар болов.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучуудын бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваадорж, “Иргэний нийгмийн байгууллагууд нь ардчилал, шударга ёс, хүний эрх, нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй. Тэдний үйл ажиллагаа нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын зэрэгцээ Засгийн газар, хувийн хэвшлийн тэнцвэрийг хадгалж, хариуцлагыг нэмэгдүүлдэг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын гол цөм, улс орны хөгжлийн нэгэн түлхүүр юм. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн цаг үетэй зэрэгцэн Засгийн газрын бодлого, шийдвэрт иргэдийн санал, хүсэлтийг тусгах гүүр болж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, шударга ёсыг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг дэмжиж, шударга, тэгш байдлыг хангахын тулд нийгэмд шүүмжлэл, сануулга өгдөг гол төлөөлөл нь та бүхэн мөн” хэмээн ярилаа.