ХОВД: Энэ онд ботгоны урамшуулалд 75 сая төгрөг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-01 19:35:01

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тэмээчдийн зөвлөгөөн өнөөдөр Ховд аймагт болж, 250 орчим хүн оролцжээ.

Тус аймгийн ИТХ-аас 2022 онд тэмээн сүргийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, тэмээчдийг урамшуулахад чиглэсэн “Тэмээ өсгөх, чанарыг сайжруулах, бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгох” журам баталсан.

Журмын дагуу 2024 онд 75 сая төгрөгийн урамшууллыг тэмээ өсгөж буй иргэдэд олгожээ. Энэ онд мөн ботгоны урамшуулалд 75 сая төгрөг баталсан бөгөөд урамшууллыг тус оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор төлөвлөж байна.

Манай улсын тэмээн сүргийн 50 гаруй хувь нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймагт байдаг.  2024 оны эцэст улсын хэмжээнд малчид 473.9 мянган толгой тэмээ тоолуулжээ. 

Тэгвэл Ховд аймгийн тухайд 2024 оны эцэст 35.0 мянган толгой тэмээ тоолуулсан нь өнгөрсөн жилээс 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Онцлоход, хамгийн олон тэмээтэй сум бол Дөргөн /8274/.
Мөн Чандмань сумынхан 4379, Манхан сумынхан 3764, Зэрэг сумынхан  2963 тэмээ тоолуулсан нь хамгийн олон тэмээтэй сумдад багтаж байна.
 

Дээрх зөвлөгөөний үеэр аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, ингэний сүү нь эрүүл мэндэд ач тустай учраас  боловсруулан тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
 
Зөвлөгөөний зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, “Буйлган шар тэмээн соёл, уралдааны холбоо” хамтран ажиллаж байгаа. Хөтөлбөрийн дагуу маргааш тэмээний уралдаан зохион байгуулна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  




Холбоотой мэдээ