“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу 2025" үзэсгэлэнг нээлээ.
Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмждэгээрээ онцлогтой. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдсэн”-ийг хэлж байв.
Энэ жил үзэсгэлэн худалдааг хотын А бүсэд буюу “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулж оролцдог уламжлалтай. Энэ жил соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өдөр бүр уран бүтээлээ толилуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.