ОРХОН: Энэ онд 426 төсөл, үйл ажиллагааны тендер зарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулга сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад төрийн байгууллагын дарга, нягтлан бодогч, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хамрагдаж, орон нутагт хийх худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийг сонссон байна.
Энэ онд аймгийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд нийт 152,5 тэрбум төгрөгийн 426 төсөл, үйл ажиллагаа төлөвлөжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар 2025 онд хэрэгжих, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг 5 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах ёстой. Энэ хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцохоор хуульд заасан.
Иймд худалдан авах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж, хууль журмыг мөрдөн, тендер шалгаруулалтыг хариуцлагатай шуурхай зохион байгуулахыг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр уулзалтын үеэр үүрэг болголоо.
Орхон аймгийн хувьд 2025 онд 408 тэрбум төгрөгөөр төсөв батлагдаж, үүнээс 80 хувийг нь инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хүчдэлээ сайжруулахаар төлөвлөсөн байна.