АРХАНГАЙ: Амины орон сууцанд ипотекийн зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-04 12:03:13

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас орон сууц болон амины орон сууцны ипотекийн зээлийн бодлогын талаар төрийн албан хаагчид, иргэдэд мэдээлэл өглөө.


Яамнаас ипотекийн шинэчлэлийг хийж, амины орон сууцанд зээл олгох болсон тухай онцолсон.


Амины орон сууц гэдэг нь аймаг, нийслэл, сумын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьсан, орон сууцны бүх хэсэг нь бие даасан ханаар хүрээлэгдсэн, эсвэл тусгаарлах хана нь нийлсэн болон хагас нийлсэн, эгнээгээр барьсан орон сууцны зориулалттай, газар хөдлөлт, үерт тэсвэртэй, хөрсний болон агаарын бохирдолгүй, эрчим хүчний хэмнэлттэй сууц юм.


Амины орон сууцанд зээл олгоход тухайн иргэн өөрийн өмчлөлийн газартай байх /зуслангийн газар хамаарахгүй/, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу буюу амьдралын бүсэд байх, ногоон барилгын суурь гэрчилгээтэй байх гэсэн гол шалгууруудыг тавина.


Ногоон барилгын суурь гэрчилгээг орон нутагт хэрэглэхийн тулд ногоон барилгын үнэлгээ хийх BestGer сургалтад хүмүүсээ хамруулж, “ногоон аудитор” бэлтгэх бөгөөд 21 аймгаас энэ сургалтыг авах санал хүргүүлсэн анхны аймаг Архангай болжээ.


Суурь гэрчилгээг авах таны байшин эрчим хүч ба усны хэмнэлт, тэсвэржилт ба хүрээлэн буй орны ээлтэй байдал гэсэн хоёр бүлгийн 11 шалгуурыг хангах хэрэгтэй. Үүнийг сургалтад хамрагдсан “ногоон аудитор” тогтоох юм.


Амьдралын чанараа дээшлүүлж, амины орон сууц барих иргэнийг дэмжиж зээлийн хүүг эхний гурван жил 3, дөрөв дэх жилээс 6 хувь болгох саналыг яамнаас Засгийн газарт тавьж байгаа аж.


Мөн амины орон сууцны талаарх цогц мэдээллийг нэг дороос авах “Амины орон сууцны мэдээллийн төв”-ийг Улаанбаатарт гурван байшилд байгуулж байгаа ба орон нутагт нөөц боломжиндоо тулгуурлан байгуулах саналыг яамнаас өглөө.  


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас орон сууцжуулах бодлогын хүрээнд энэ онд улсын хэмжээнд 68 суманд зөвхөн төрийн албан хаагчдад олгох 8 айлын орон сууцыг барихаар төлөвлөж, орон нутагт ийнхүү ажиллаж байгаа юм.


Архангай аймгийн тухайд Эрдэнэмандал, Хотонт, Хашаат, Чулуут, Ихтамир, Өлзийт гэсэн зургаан суманд 8 айлын орон сууц барихаар төлөвлөсөн ба эхний ээлжид Эрдэнэмандал суманд барихаар гүйцэтгэгчийг шалгаруулсан байна.


Улсын хэмжээнд 150 мянган айлын орон сууц барих бодит хэрэгцээ байгааг судалгаагаар гаргажээ. Анх удаа орон сууц авах иргэнд 50-60 м.кв-д зээл олгоно гэлээ. Зээлийн хүүгийн хувьд Улаанбаатарт 6, хөдөө орон нутагт 3 байх юм.

Холбоотой мэдээ