СҮХБААТАР: ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчид салбарын хууль, эрхзүйн орчныг шинэчлэхийг дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өрхийн, бичил, ЖДҮ, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага сэдэвт цуврал
хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн оролцож, орон нугийн ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, тэдний нөхцөл байдал
тулгамдаж буй асуудлыг сонсов.
2024
оны байдлаар 1790 ААНБ бүртгэлтэй байгаагаас 50.4 хувь буюу 902 нь үйл
ажиллагаа явуулж байна. Эдгээрээс худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр 35 хувь буюу 316 ААН, зочид буудал, зоогийн газрын
чиглэлээр 4.7 хувь буюу 42 ААН үйлчилгээ явуулж байна. Харин хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй
иргэн оролцож санал бодлоо илэрхийлэн, салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэхийг дэмжив.
Хувиараа бизнес эрхлэгч
н.Эрдэнэ авто засварын газар ажиллуулдаг бөгөөд өөрөөсөө гадна дөрвөн иргэнийг тогтмол ажлын байраар хангадаг. Бизнесээ
амжилттай үргэлжлүүлж, өргөтгөхийн тулд банкнаас зээл авчээ. Тэрбээр хэлэхдээ, "Өндөр хүүтэй банкны зээлийг бид авахаас өөр сонголт байдаггүй. Бусад хөнгөлөлттэй зээл нь яг очих ёстой хүнээ олж очдоггүй. Нөгөө талаар ямар ч төрлийн зээл, дэмжлэг байсан олгохдоо үнэхээр тухайн хүн зээлээ зориулалтын дагуу ашиглаж чадах уу, үгүй юу гэдэгт шалгуур тавьдаггүй. Үүнээс болж санхүүжилтийг зориулалтын бусаар ашиглах, үйл ажиллагаа нь хөлөө олж амжилгүй зогсох зэрэг асуудал гардаг. Эсрэгээрээ үнэхээр
чадамжтай нэгэн нь үйлдвэрлэл, үйлчилгээгээ үргэлжлүүлээд аваад явъя гэхээр татварын
бодлого хамгийн том дарамт болж байна. Төр үнэхээр иргэдээ дэмжих
гэж байгаа бол эхлээд татварын хууль эрх зүйн орчныг сайжруулж, дараа нь хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийнхээ санхүүжилтийг нэмэх ёстой гэлээ.
Харин иргэн Д.Улаанаа
хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч. Орон нутагтаа тогтмол хэвлэл гаргаад
найман жил болжээ.
Хэвлэл мэдээллийн
байгууллага бол ЖДҮ, үйлчилгээ эрхлэгч мөн. Гэвч ямар ч дэмжлэгт хамрагдаж чаддаггүй. Хөнгөлөлттэй
зээлд хамрагдъя гэхээр чиглэл таарахгүй гээд хүлээж авдаггүй. Мөн дөнгөж бойжиж байгаа байгууллагад хамгийн том дарамт, саад бэрхшээл бол татварын систем. Ямар ч
боломж олгохгүй хааж боодог. Энэ нь ажлын бүтээмж цаашлаад тухайн байгууллага тогтвортой байх эсэхэд нөлөөлж байна.
Тиймээс төр энэ татварын тухай хуулийн өөрчлөлтөө нэн даруй шийдвэрлэж, хэрэгжүүлэх шаардлагатай. НӨАТ-ын
босгыг нэмэгдүүлж, шимтгэлийг бууруулах
нь хамгийн бодит дэмжлэг болж чадна хэмээв.
Энэ мэт ихэнх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс ижил саналууд гарч байв. Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй ажлын хэсгийнх иргэн бүрийн асуулт, саналд хариулж хамгийн гол нь хэлэлцүүлгээс дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй гэдгээ илэрхийлж байв.