ЗАВХАН: Тосонцэнгэл сумын Соёлын төв хос бичигтэн байгууллагаар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны хоёрдугаар
сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хос бичигтэн байгууллага шалгаруулах
уралдааныг зохион байгуулж, шилдэг байгууллагуудад шагналыг нь гардуулан өгчээ.
Энэ уралдаан нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, монгол бичгийн орчин бүрдүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх. Төрийн албан хаагчид, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хос бичигтэн албан хаагчдыг дэмжих, хос бичгээр манлайлан ажиллаж буй байгууллагыг сурталчлах зорилготой юм.
Уралдааныг
Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Хэлний бодлогын салбар зөвлөлөөс
хамтран зохион байгуулж, таван салбарын 40 байгууллага оролцсон
байна.
Уралдаанд оролцогсод байгууллагынхаа гаднах болон өрөө, тасалгааны хаягийг хос бичгээр бичих, байгууллагын удирдлага болон албан хаагчдын нэрийн хуудсыг хос бичгээр бичих, монгол бичгийн мэдээллийн самбар ажиллуулж хэвших, албан хэргийн баримт бичгээ хос бичгээр хөтлөх гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж амжилттай оролцжээ.
Уралдааны хууль хүчний байгууллагуудын шилдэг “Хос бичигтэн” байгууллагаар аймгийн Онцгой байдлын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын шилдэг “Хос бичигтэн” байгууллагаар Тосонцэнгэл сумын Соёлын төв шалгарсан байна.
Нутгийн захиргааны шилдэг “Хос бичигтэн байгууллага”-аар Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газар шалгарчээ. Уралдааны шагналыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Нямдорж гардуулан өглөө.
Боловсролын салбарын шилдэг “Хос бичигтэн” байгууллагаар Улиастай сумын 4-р сургууль шалгарчээ.
